Монгол улсын хэмжээнд элэг, бөөр, үүдэл эс, нүдний эвэрлэг, яс, шөрмөс шилжүүлэн суулгаж байна. Бөөр болон элэг, ясны чөмөг, үүдэл эс шилжүүлэн суулгах үндэсний багууд төвлөрөн ажиллаж буй тус эмнэлэг эдгээр мэргэшсэн багийн эмч мэргэжилтэнд тулгуурлан 2012 онд Эрхтэн шилжүүлэн суулгах төвийг байгуулсан бөгөөд тус төв үйл ажиллагаа нь тогтмол, нийтэд хүрэлцээтэй, нэгдмэл зорилго удирдлагатай байж, гадаадын ижил төстэй үйл ажиллагаа явуулдаг эрхтэн шилжүүлэн суулгах төв, институттэй хамтран ажиллах, эрхтэн шилжүүлэн суулгах мэс заслын эмчилгээ хийх, эрдэм шинжилгээ, сургалт судалгаа, мэдээллийн нэгдсэн сан байгуулах зэрэг олон талт үйл ажиллагааг нэгтгэх томоохон үүргийг хүлээдэг ч өнөөг хүртэл өөрийн гэсэн байргүй. УНТЭ-ийн өргөтгөлд гурван бокс, хоёр том өрөөтэй, хэвтүүлэн эмчлэх найман ортойгоор үйл ажиллагаа явуулж буй нь эрхтэн шилжүүлэн суулгуулах шаардлагатай өвчтөнийхөө ачаалалтай харьцуулахад хэтэрхий бага.
Улсын хэмжээгээр бөөрний дутагдал гэж оношлогдсон 1200 хүн диализын аппаратанд орж байна. Гэтэл байр савны хүрэлцээгүйгээс сард 5-6 хүнд эрхтэн шилжүүлэн суулгах хагалгаа хийдэг гэхээр эдгээр хүмүүс дор хаяж найман сараас дээш хугацаагаар хүлээхэд хүрч байна. Эрхтэн шилжүүлэн суулгах хагалгаанд ерөнхий мэс заслын өрөөг ашигладаг учраас 10 орчим цаг үргэлжилдэг элэг шилжүүлэн суулгах хагалгаа орсон өдөр төлөвлөгөөт 10-аад хагалгааг хойшлуулахаас аргагүйд хүрдэг зэрэг олон шалтгааны улмаас Эрхтэн шилжүүлэх төвийг өөрийн гэсэн зориулалтын байртай болгох шаардлага байгааг эмч мэргэжилтнүүд, эрхтэн шилжүүлэн суулгах үндэсний багийнхан мэдээлсэн юм.
УНТЭ-ийн хувьд нэг давуу тал нь Эрхтэн шилжүүлэн суулгах төв барих газартай. Эмнэлгийн эзэмшлийн нэг орчим га газар дээр тус төвийг барихаар төлөвлөсөн бөгөөд 1800 ам метр талбайд 10 давхар, ариутггал, угаалга, тоног төхөөрөмжийн хэсэг бүхий зоорийн хоёр давхартай байхаар төлөвлөсөн байна.
Барилга барих санхүүжилт 2024 оны төсөвт суусан тул барилгын ажлыг эхлүүлж 2025 оны төсөвт 40 тэрбум төгрөг суулгасан тул барилгын ажил энэ онд үргэлжлэн явагдан юм.