Эрүүл мэндийн хөгжлийн төвийн шилжүүлэн суулгалтын зохицуулалт хариуцсан мэргэжилтэн Г.Батцэцэгтэй тархины үхэлтэй донорын өнөөгийн нөхцөл байдлын талаар ярилцлаа.
Донорын тухай хууль боловсруулж шинэчилсэн найруулга батлагдсанаар тархины үхэлтэй донорын зохицуулалттай болсон шүү дээ. Хуулийн хэрэгжилт үр дүнтэй байна уу?
Тархины үхэлтэй донор илэрсэн тохиолдолд Монгол улсад хэрэгжиж байгаа хууль эрхзүйн хүрээнд ЭМХТ- ийн шилжүүлэн суулгалтын зохицуулалт хариуцсан мэргэжилтэнгүүд гэр бүлийнхэнтэй нь уулздаг. Уулзалтаар гэр бүлийн гишүүдэд нь Донорын тухай хууль болон тархины үхэлтэй донорын талаар мэдээлэл өгч тайлбарладаг юм. Асуусан асуултад нь хариулж ерөнхийдөө харилцан ярилцдаг гэсэн үг. Шаардлагатай тохиолдолд 3-4 удаа ч уулзалт хийдэг энэ нь тухайн хүмүүст бодох хоорондоо ярилцах цаг хугацааг гаргаж байгаа хэлбэр. 6 жилийн хугацаанд ажилласан туршлагаас харахад тархины үхэлтэй донорын талаар мэдээллийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр үзэж сонссон мэдээлэлтэй хүмүүс арай өөр хүлээж авдаг. Өөрөөр гэдэг нь тархины үхэлтэй донор гэдэг бусад хүмүүсийг авардаг буянтай үйл гэдгийг ойлгосон байдаг учир зөвшөөрөх магадлал ихэсдэг. Харин огт мэдээлэлгүй хүмүүс эргэлзэж хүлээж авдаг учир ихэвчлэн татгалздаг. Үүгээр юу хэлэх гээд байна вэ гэвэл тархины үхэлтэй донорын талаар нийгэмд бодит мэдээлэл дутмаг байдаг. Тиймээс энэ төрлийн үнэн бодит мэдээллийг хэвлэл мэдээллийн хэрэгсэл, олон нийтийн сүлжээ, сургалт хэлбэрээр түгээж иргэдэд эрүүл мэндийн боловсрол олгох шаардлагатай юм.
Манай улсад иргэдийн эрүүл мэндийн боловсрол дутмаг тухай олон жил ярьж байна. Нийгмийн эрүүл мэндийн боловсролыг хэн хэрхэн олгох вэ?
Бусад улс оронд энэ төрлийн ажлыг төрийн бус байгууллага хариуцан хийдэг. Төрийн байгууллага дангаараа энэ бүхнийг хийх боломжгүй. Тиймээс “Мөнхөд цохилох зүрх” ТББ байгуулагдсан юм. Төрийн бус байгууллагын үндсэн үйл ажиллагаа нь тархины үхэлтэй донорын тухай мэдээллийг олон нийтэд тасралтгүй зөв мэдээллийг цогцоор өгч ажиллана. Тасралтгүй өгсөн мэдээлэл олон хүнд зөв ойлголттой болсноор тархины үхэлтэй донор нь олон хүний амийг аврах боломж нэмэгдэнэ гэсэн итгэл хүлээлттэй ажиллаж байна.
Энэ төрлийн ТББ-ууд олон улсад хэрхэн хөгжиж ирсэн байдаг вэ ?
Эрхтэн шилжүүлсэн суулгах мэс засал дэлхий улс орнуудад ТББ 1960-аад оноос эхлэн хөгжсөн. Тухайн үед эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээний мэдээлэл хомс байсан юм. Үүнтэй холбоотойгоор эмч мэргэжилтнүүд бусад сайн дурын хүмүүс нэгдэж төрийн бус байгууллагаар дамжуулж олон нийтэд мэдээллийг зөв олгож хамтарч ажиллажээ. Ингэснээр тархины үхэлтэй донорын тоо нэмэгдэж олон хүний амийг аврах боломж нэмэгджээ. Одоогийн байдлаар дэлхийн 50 гаруй оронд амжилттай хэрэгжиж олон зуун сая хүний амь нас аврагдаж байна. Энэ жишгийг бид Монгол улсдаа эхлүүлж 2024 онд Мөнхөд цохилох зүрх ТББ байгууллага байгуулагдаж, эхнээс анхны өдөрлөг, сургалтуудыг хийж мэдээлэл түгээх ажлаа эхлүүлээд байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна