Таны эрүүл мэндийн боловсролд зориулав.
Бөөр цуснаас хортой бодисоо шүүх чадвараа гэнэт алдахыг бөөрний цочмог гэмтэл (БЦГ) гэх бөгөөд “бөөрний цочмог дутагдал" гэсэн нэр томъёог ийнхүү орлуулан нэрлэх болсон. Тус нөхцөл нь хэдхэн цагийн эсвэл хэдэн өдрийн дотор үүсч хүндэрдэг.
Бөөрний цочмог гэмтлийн тухай (БЦГ)
Бөөрний цочмог гэмтэл (БЦГ) гэдэг нь бөөр цуснаас хаягдал бүтээгдэхүүнийг шүүж чадахгүй болсныг тодорхойлоход хэрэглэгддэг нэр томъёо юм. Энэ нь хэдхэн цаг эсвэл хэдэн өдрийн дотор тохиолдож болно. Ихэнх хүмүүсийн хувьд БЦГ нь 48 цагийн дотор үүсдэг боловч заримдаа 7 хоног хүртэл үргэлжилдэг.
"Бөөрний цочмог дутагдал" (БЦД) гэсэн нэр томъёог БЦГ хэмээн орлуулан нэрлэсэн ч хуучин нь хааяа хэрэглэгдсээр байна.
Шинж тэмдэг
БЦГ-ийн шинж тэмдгүүд нь өвчний шалтгаан, хүндрэл, эрүүл мэндийн бусад нөхцөл гэх мэт олон хүчин зүйлээс хамаарч өөр өөр байж болно. Дараахын аль нэг эсвэл хэд хэдэн шинж тэмлэг зэрэг илэрч болно:
• Ердийн үеийнхээс бага шээх эсвэл огт шээхгүй байх
• Хөл, шагай болон ул хавагнах
• Ядрах
• Амьсгал давчдах (амьсгалахад хүндрэлтэй)
• Сэтгэл санаа хөөрөлдөх эсвэл өөрчлөгдөх
• Цусны даралт ихсэх
• Хоолны дуршил буурах (хоол идэх хүсэл бага)
• Дотор муухайрах
• Хажуу талын өвдөлт (нурууны хажуу - хавирга, ташааны хооронд өвдөх)
• Цээж өвдөх, хүндрэх
• Таталт эсвэл кома (хүнд тохиолдолд)
Зарим тохиолдолд БЦГ нь ямар ч шинж тэмдэг үүсгэдэггүй бөгөөд зөвхөн мэргэжлийн эмчийн хийсэн шинжилгээгээр илэрдэг.
Шалтгаан
БЦГ нь олон янзын шалтгаантай байж болно. Бөөрний гаралтай өвчин, эсвэл нөхцөл байдал бөөрөнд нэмэлт ачаалал өгөх үед маш олон хүмүүс БЦГ-тэй болдог. Мөн хүний бие гэнэтийн яаралтай эрүүл мэндийн асуудалд (зүрхний мэс засал эсвэл COVID-19 халдвар гэх мэт) хариу үйлдэл үзүүлэхэд БЦГ түгээмэл үүсдэг. Түүнчлэн хүмүүсийн хэрэглэж байгаа эм эсвэл бусад бодисоос шалтгаалж БЦГ үүсч болдог. Эдгээр хувилбар бүрийн жишээг доор харуулав.
Ихэнх тохиолдолд БЦГ нь олон хүчин зүйлсийн нийлмэл нөлөөгөөр үүсдэг. Ялангуяа өндөр насны эрсдэл бүхий настай хүмүүсийн хувьд энэ нөхцөл байдал ажиглагддаг.
Хүндрэлүүд
БЦГ-ийн үр дүнд таны цусанд хаягдал бүтээгдэхүүн хуримтлагдаж бие дэх шингэн болон эрдсийн тэнцвэрийг хадгалахад хүндрэлтэй болдог. Улмаар энэ нь таны бөөрөнд тогтонги гэмтэл учруулж, бөөрний архаг өвчин (БАӨ)-д хүргэдэг. Эмчлүүлээгүй тохиолдолд БЦГ нь тархи, зүрх, уушиг зэрэг бусад эрхтнүүдэд нөлөөлж болдог. Тиймээс юуг анхаарах, эрсдэлээ хэрхэн бууруулахаа мэдэж байх нь чухал юм.
Оношлогоо
Хэрэв эмч БЦГ гэж таамаглаж байгаа бол болзошгүй шалтгаан (эсвэл шалтгаанууд)-ыг тогтоох шинжилгээ хийх болно. Үүнд биеийн үзлэг хийх, эрүүл мэндийн нөхцөл болон өнгөрсөн долоо хоногт хэрэглэсэн эмийн түүхийг шалгах (жишээ нь, жороор олгодоггүй бүтээгдэхүүн, ургамлын гаралтай нэмэлтүүд), сүүлийн үед тохиолдодсон үйл явдлын талаар тодруулах (жишээ нь: илэрсэн шинж тэмдэг, усны хэрэглээ, зугаацах зорилготой хэрэглэсэн мансууруулах бодис, аялал), мөн цус ба/эсвэл шээсний шинжилгээ багтана.
Шинжилгээ
БЦГ-г шалгахад ашигладаг хамгийн түгээмэл шинжилгээнд дараах багтана:
• Сийвэнгийн (цусан дахь) креатинин – таны бөөр энэ хаягдал бүтээгдэхүүнийг цуснаас хэр сайн шүүж байгааг шалгах цусны шинжилгээ.
• Бөөрний түүдгэнцэрийн шүүлтийн хурд (eGFR)-ны багцаа – сийвэнгийн (цусан дахь) креатинины түвшин, нас, хүйс дээр үндэслэн бөөрний үйл ажиллагааг тооцоолох шинжилгээ.
• Цусан дахь шээсний хүчлийн азот (BUN) – креатининтай төстэй энэ шинжилгээгээр таны цусан дахь өөр нэг хаягдал бүтээгдэхүүнийг бөөр хэр сайн шүүж байгааг тодорхойлно.
• Цусан дахь бусад шинжилгээ - Натри, кали, бикарбонат зэрэг бусад шинжилгээ (ямар нэг зүйл тэнцвэргүй байгаа эсэхийг шалгах)
• Шээсний гарц – Хэрвээ таньд БЦГ үүссэн бөгөөд эмнэлэгт байгаа бол эмч таны өдрийн шээсний гарцыг хянана.
• Шээсний шинжилгээ – БЦГ-ийн талаар илүү мэдээлэл олох зорилготой ерөнхий шээсний шинжилгээ
• Дүрс оношилгооны тест – Хэт авиан гэх мэт шинжилгээ нь зарим тохиолдолд нэмэртэй байдаг.
• Бөөрний биопси /эдийн шинжилгээ/ – цөөн тохиолдолд шалтгааныг илүү тодруулах зорилгоор бөөрний маш жижиг хэсгийг микроскопоор харах шаардлагатай болдог.
Эмчилгээ
Хамгийн анх юунаас үүссэн шалтгааныг харгалзан БЦГ-ийн эмчилгээг тодорхойлно. Иймд шалтгааныг олох нь маш чухал юм. БЦГ эмчлэх хамгийн түгээмэл аргууд нь:
• БЦГ-г үүсгэж байгаа эсвэл нөлөөлж болзошгүй аливаа эмийг зогсоох
• Шингэн өгөх (амаар эсвэл судсаар)
• Антибиотик (Хэрэв БЦГ нь бактерийн халдвараас үүдэлтэй бол)
• Шээсний катетер тавих (хэрэв БЦГ бөглөрлөөс үүссэн бол давсгийг суллах зорилгоор нимгэн гуурс байршуулбал тустай)
• Диализ (бөөрний гэмтлийн зэрэг эсвэл бусад эрхтэнд үзүүлэх нөлөөллөөс хамаарч)
o Ихэнх тохиолдолд диализийн эмчилгээг бөөр сэргэх хүртэл түр зуур хэрэгжүүлдэг.
БЦГ-тай ихэнх хүмүүс эмчилгээ хийлгэж байхдаа хяналтанд байхын тулд эмнэлэгт хэвтэх шаардлагатай болдог.
БЦГ үүссэний дараа та бөөрний архаг өвчин (БАӨ), зүрхний өвчин, цус харвалт зэрэг эрүүл мэндийн бусад асуудалд өртөх эрсдэл өндөр болдог. Мөн та ирээдүйд дахин БЦГ-тай болох эрсдэл өндөр болдог. Тиймээс, мэргэжлийн эмчид тогтмол үзүүлж, хоёрхон энгийн шинжилгээгээр (БЦГ эмчилгээ дууссанаас хойш 3 сарын дотор) бөөрний эрүүл мэндээ шалгаж байх нь чухал юм.