Өнөөдрийн байдлаар монгол улсын хэмжээнд хэдэн хүнд бөөр шилжүүлэн суулгах мэс засал хийгдээд байна?
Дэлхийн дахинд бөөр шилжүүлэн суулгах мэс засал 1954 онд доктор Мюрей бөөр шилжүүлэн суулгах мэс заслыг ихэрээс ихэрт анх хийж байсан. Харин монголд 1996 онд бөөр шилжүүлэн суулгах мэс заслыг анх хийсэн. 2006 онд анхны бөөр шилжүүлэн суулгах баг байгуулагдсан. Үүнээс хойш өнөөдрийг хүртэл 371 хүнд бөөр шилжүүлэн суулгах мэс заслыг амжилттай хийгээд байна. Бөөр суулгах мэс заслын дийлэнхийг нь амьд донороос 320 хүнд, амьгүй донор буюу кадавр донороос 51 хүнд шилжүүлж суулгажээ. Бөөр шилжүүлэн суулгах мэс засал нь технологи, эмч нарын ур чадвар жилээс жилд сайжирч өнөөдрийн байдлаар 10 хүүхдэд бөөр шилжүүлж суулгахаас гадна 3 өвчтөнд цусны бүлэг өөр донороос ижилсүүлэн суулгах мэс заслыг амжилттай хийгээд байна. Гэхдээ энэ тоо бөөр орлуулах эмчилгээ хийлгээд кадавр донор хүлээж байгаа хүмүүсийн тоотой харьцуулахад бага тоо.
Хүлээлгийн жагсаалтын хүн жилээс жилд нэмэгдэж байгаа статистик гардаг. Өнөөдрийн байдлаар хэд хүрээд байна?
Яг одоогийн байдлаар Монгол улсын хэмжээнд 200 давсан гемодиализын аппаратад 1500 гаруй хүн хиймэл бөөрний эмчилгээ хийлгэж байна. Эс,Эд,Эрхтэн шилжүүлэн суулгах төвд албан ёсоор бүртгэлтэй 600 гаруй хүн амьгүй донороос бөөр шилжүүлэн суулгахаар хүлээж байгаа юм. Бидэнд тулгамдаад байгаа асуудал бол Монгол улсын хэмжээнд 1000 руу дөхсөн эрхтэн шилжүүлэн суулгасан хүмүүс байна. Эдгээрийн төрөл төрөгсөд ойр тойрынхон 5000 руу дөхсөн тоо гарна. Энэ хүмүүс эрхтэн шилжүүлэн суулгах мэс засал, донор хүлээх зовлон, мэс заслын дараах эмчилгээний бүх хүнд хэцүүг ойлгодог хүмүүс юм. Харин нийгмээрээ эрхтэн шилжүүлэх суулгах эмчилгээний анхан шатны мэдэгдэхүүнтэй байдаг нь кадавр донорын тоо цөөн байгаа шалтгаан болдог.
Кадавр донорыг хуулиар зохицуулаад үр дүн гарсан уу ?
Хууль батлагдсантай холбоотой Монгол улсад эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах ажлыг зохицуулах алба байгуулагдсан. Донорын тухай хуулийг 2006 онд анх батлагдаж үе шаттай шинэчилсээр 2024 онд хамгийн сүүлийн шинэчилсэн найруулга батлагдан гарах гэж байна. Энэ хуулиар кадавр донорын талаар илүү нарийвчилж тусгаж өгсөн. Гэсэн ч кадавр донорын тоо нэмэгдэхгүй байна. Шалтгаан нь шашин шүтлэг гэхээсээ илүүтэй эрүүл мэндийн боловсрол дутмаг байдалтай холбоотой гэж хардаг. Тэгэхээр хуульд өөрчлөлт орсон ч хүлээсэн үр дүн гарахгүй байна.
Олон хүнийг эрхтэний дутагдлаас гаргаж, амьдралын чанарыг дээшлүүлж аврах боломжтой кадавр донорын тоог нэмэгдүүлэхэд юу дутагдаад байна вэ ?
Ерөнхийдөө эрхтэн шилжүүлэн суулгах шаардлагатай нэг эрхтэн нь дутагдалд орсон хүмүүс ямар бэрхшээлтэй байдаг, энэ бэрхшээл зовлонгоос яаж гардаг юм гэдэг ойлголтгүй. Тиймээс эрүүл мэндийн боловсролгүй хүмүүст донор хүлээж байгаа хүмүүсийг яаж аврах боломжтой гэдгийг ойлгуулах нь чухал. Үүний тулд кадавр донор гэж юу юм, тархины үхэлд орохоор хүн ямар байдалд ордог юм гэдгийг бүх хүнд ойлгуулж, таниулах нийгмийн шаардлага үүсээд байгаа юм. Үүнийг дан ганц төрийн байгууллага хийх боломжгүй тул төрийн бус байгуулага, сайн дурын хүмүүсийн үүрэг оролцоог нэмэгдүүлэх нь чухал. Уг нь бол эх оронч үзэл гэдэг бол нэг монгол хүн нөгөө монгол хүнээ аврах юм гэж би хувьдаа боддог. Тийм болохоор донорын тухай хууль бол Монгол хүмүүс нэгнээ аврах боломжийг олгож байгаа юм. Үүнийг ойлгуулахад төрийн бус байгууллага, сайн дурынханы үүрэг оролцоо асар их. Энэ ажлыг гүйцэтгэх төрийн бус байгууллага байгуулагджээ.”Мөнхөд цохилох зүрх” ТББ-ын донорын талаар олон нийтэд үнэн бодит мэдээлэл өгөх, иргэдийн эрүүл мэндийн боловсролд хувь нэмрээ оруулах ажилд чухал үүрэг гүйцэтгэнэ гэж хүлээж байна.
Монгол улсад анх элэг шилжүүлэн суулгах эмчилгээ хэзээ эхлэв. Өнгөрсөн хугацаанд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний үр дүнгийн талаар мэдээлэл өгөөч?
Монгол улсад анх элэг шилжүүлэн суулгах хагалгааг 2011 онд БНСУ-ын Асан анагаах ухааны төвийн профессоруудтай хамтран хийж эхэлсэн. Ингээд 2015 оныг дуустал хамтарч хийж байгаад 2016 оноос өөрсдөө бие даан элэг шилжүүлэн суулгах эмчилгээг Монголын багийн эмч нар хийж эхэлсэн юм. Өнөөдрийн байдлаар 285 хүнд элэг шилжүүлэн суулгах эмчилгээг хийгээд байна. Эдгээрээс 16 хүнд амьгүй донороос шилжүүлж, 7 хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээг амжилттай хийсэн. Түүнчлэн дэлхий дахинд цөөхөн улс оронд хийгддэг бүлэг тохироогүй донороос 5 хүнд элэг шилжүүлэн суулгаад байгаа нь өнгөрсөн хугацааны элэг шилжүүлэн суулгах үндэсний багийн ажлын үр дүн гэж хэлж болно.
Элэг шилжүүлэн суулгах үндэсний баг дэлхийд хийгддэг бүх эмчилгээг нэвтрүүлсэн байна. Эмчилгээний төлбөр ч гадаад улстай харьцуулахад буурч байна уу ?
Элэг шилжүүлэн суулгах эмчилгээг Монгол улсад нутагшуулснаар маш их эдийн засгийн хэмнэлтийг бий болгож чадсан. Хэрэв бид эхлүүлж чадаагүй байсан бол 285 хүний тал нь шахам гадаад руу эмчилгээнд явах байсан болов уу. Хөгжингүй орнуудын элэг шилжүүлэн суулгах эмчилгээний төлбөр 150 мянган доллар байдаг. Харин монголдоо шилжүүлэн суулгаснаар эрүүл мэндийн даатгалаас ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, хүүхдийг 100 хувь, бусад иргэдийн хувьд 5 сая төгрөг эмчилгээний зардалд төлнө. Эндээс харахад гадаад улстай харьцуулахгүй өртөг зардал тооцогдож байгаа юм. Ингэж иргэдээ харж үздэг засгийн газар Монгол улсаас өөр цөөхөн байдаг.
Элэг шилжүүлэн суулгах эмчилгээний статистикаас харахад амьгүй донороос шилжүүлэн суулгасан тоо их бага байна. Энэ нь эмчилгээний хүртээмжид нөлөөлөх үү ?
2022 оны ДЭМБ, Дэлхийн эрхтэн шилжүүлэн суулгах холбооны тайлан мэдээгээр Монгол улс амьд донороос элэг шилжүүлэн суулгасан 100,000 хүнд оногдох тоогоор дэлхийд нэгдүгээрт бичигдсэн. Харамсалтай нь бидэнд амьгүй донороос элэг шилжүүлэн суулгах эмчилгээ маш цөөхөн байгаа нь бэрхшээл болж байгаа юм. ХСҮТ, УНТЭ-т 30 гаруй хүнд амьгүй донороос элэг шилжүүлэн суулгаад байна. Уг нь амьгүй донороос элэг шилжүүлэн суулгах эмчилгээ илүү үр дүнтэй. Жишээлбэл бүтэн элэг шилжүүлэх, донорын цаашдын эрүүл мэндэд үзүүлэх нөлөөлөл гээд олон давуу тал бий. Гэтэл амьгүй донорын олдоц тун бага байна. Үүн дээр бид ажиллаж байгаа боловч тэр бүр элэг шилжүүлэн суулгадаг багийнхан энэ үйл ажиллагаанд оролцох ёс зүй, эрхзүйн эрх хэмжээ байдаггүй.
Төрийн байгууллага дангаар энэ бүхнийг хийх боломжгүй үед төрийн бус байгууллага, сайн дурын хүмүүс ажилладаг жишиг байдаг. Төрийн бус байгууллага байгуулагдсанаар үр дүн гарах боломжтой гэж харж байна уу ?
Мөнхөд цохилох зүрх ТББ байгуулагдаад энэ чиглэлээр үйл ажиллагаагаа эхлүүлсэнд маш их баяртай байгаа. Яагаад гэвэл иргэдэд таниулах ажил маш дутагдалтай явж ирсэн. Уг нь буддын шашин маш их энэрэнгүй. Буддын шашны номлолд эрхтэнээ бэлэглэнэ гэдэг дээдийн дээд өглөг гэж номлосон байдаг. Тийм учраас амьгүй донорын эрхтэнийг бэлэглэнэ гэдэг асар их буянтай ажил. Энэ бүхнийг төр ,шашин гээд бүхий л талаас нь мэдээлэл түгээж ажиллах зорилготой ТББ ажиллаж эхэлсэн тул удахгүй үр дүн гарч, хөгжинө гэж бодож байна.Ер нь азийн орнуудын хөгжсөн түүхийг харахад дандаа амьд донороос элэг шилжүүлэн суулгаж эхэлсэн байдаг. Улмаар хөгжлийн явцад тархины үхэлтэй донорын тоо жил жилээр нэмэгдсэн түүхтэй. Тэгэхээр манай улсад ч гэсэн амьгүй донорын олдоц нэмэгдэх байх гэж хүлээж байна. Учир нь нэгэнт тэнгэрт халих болсон хүн 7-8 хүний амийг аварна гэдэг буянтай үйл гэдгийг олон нийтэд таниулах, мэдүүлэх ажлыг эхлүүлсэн Мөнхөд цохилох зүрх ТББ-ын хамт олонд БАЯРЛАЛАА гэж хэлмээр байна.
Амьд болон амьгүй донорын талаар мэдээлэл түгээх зорилготой “Мөнхөд цохилох зүрх” ТББ үүсгэн байгуулагдаад байна. Энэ төрлийн ТББ байгуулах нийгмийн шаардлага юу байв ?
Монгол улсад эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээ хөгжиж байгаатай холбоотой төрийн байгууллага үүсгэн байгуулагдах нийгмийн шаардлага бий болсон. Олон улсын жишигт эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээг олон нийтэд зөв таниулах, донор гэж хэн болох, рецепиент гэж хэн болох, цаашлаад эрхтэн шилжүүлэн суулгах ямар төрлийн мэс засал байдаг гэх зэрэг мэдээллийг түгээх ажлыг ТББ төрийн байгууллагатай хамтран ажилладаг. Манай улсын тухайд эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээ 2006 оноос нутагшиж эхэлсэн. Жил ирэх тусам эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээ хөгжиж байгаатай холбоотой олон нийтэд мэдээллийг цаг тухайд нь өгч, эрүүл мэндийн боловсрол олгох зорилгоор Мөнхөд цохилох зүрх ТББ-ыг 2024 онд байгуулсан юм. Манай байгууллагын гол зорилго албан ёсны мэдээллийг сангууд үүсгэх, үүгээрээ дамжуулан эрүүл мэндийн боловсрол олгоход оршино.
Эрүүл мэндийн боловсрол их өргөн хүрээний асуудал шүү дээ. Тэгэхээр “Мөнхөд цохилох зүрх” ТББ тухайлсан чиглэлээр эрүүл мэндийн боловсрол олгох уу ?
Манай төрийн бус байгууллага эрүүл мэндийн боловсрол олгох чиглэлдээ эрхтэний дутагдалд орохоос сэргийлэх чиглэлийн мэдээлэлд анхаарна. Хэрвээ нэгэнт эрхтэний дутагдалд орсон бол хүмүүс эрхтэн шилжүүлэн эмчилгээгээр амь насыг нь аврах боломж байдаг тухай мэдээллийг түгээнэ. Эрхтэний дутагдалд орсон 8 хүнийг амьгүй донор буюу тархины үхэлтэй донор нэг донор аврах боломж байдаг. Энэ талаарх хууль эрх зүй, донор гэж хэн болох, ямар донор болдог ямар хүн донор болох боломжгүй вэ? гэх мэт өргөн хүрээний мэдээллийг Мөнхөд цохилох зүрх ТББ-ын албан ёсны вэб сайт, хуудсуудаар дамжуулан олон нийтэд хүргэнэ. Учир нь ийм эмчилгээ шаардлагатай байгаа маш олон хүн амьдралын чанараа дээшлүүлж, насаа уртасгах боломж байдаг. Энэ бүхнийг иргэд эрүүл мэндийн боловсролтой болсноор ойлгож мэдэж авснаар эмчилгээний хүртээмж нэмэгдэх учиртай юм.
Монгол улсад эрхтэн шилжүүлэн эмчилгээ тасралтгүй хөгжиж байна. Иргэдийн сайн мэдэх элэг, бөөрөөс өөр ямар эмчилгээ нутагшуулах зорилготой ажиллаж байгаа вэ ?
Монгол улсад эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээ хөгжөөд 20 орчим жил болж тогтворжоод байна. Эрүүл мэндийн салбар өнөөг хүртэл зөвхөн элэг, бөөр, шөрмөс шилжүүлэн суулгаж байгаа ч өөр эрхтэний дутагдалд орсон олон хүний амийг аврах боломж байгаа. Жишээлбэл хараагүй хүнд эвэрлэг шилжүүлэн суулгаж хараа оруулах, зүрхний дутагдалтай хүнд зүрх шилжүүлэн суулгах эмчилгээнүүдийг Монголд хөгжүүлэхийн тулд олон нийтийн мэдлэг хандлагыг зөв болгох чиглэлээр мэдээлэл түгээх чиглэлд анхаарч ажиллах юм. Энэ ажлыг эрхтэн шилжүүлэн суулгуулсан сайн дурын иргэд нэгдэн, зорилгоо тодорхойлж ажлаа төлөвлөн мэдээлэл түгээх ажлаа эхлүүлээд байна.
Урьд нь энэ төрлийн мэдээлэл түгээх ажлыг эмнэлгийн зүгээс хийж байсан. Төрийн бус байгууллага байгуулагдсанаар гарах үр дүнг хэрхэн харж байна.
Манай улс амьд донороос эртхэн шилжүүлэн суулгах тоогоор дэлхийд тэргүүлдэг. Гэтэл бусад улс орнууд амьд донороос татгалзаж, амьгүй донороос эрхтэн шилжүүлэн суулгадаг. Учир нь амьд донороос эрхтэн шилжүүлэн суулгах нь хэдий эрсдэл багатай ч эрхтэнээ өгсөн донорт цаашид хүндрэл гарахыг үгүйсгэхгүй. Тийм учраас амьгүй донор бол эрхтэний дутагдалд орсон, эмнэлгийн хяналтад байдаг хүмүүсийн хувьд амьдралын чанараа дээшлүүлэх гол боломж нь юм. Харин манай улсад амьгүй донор буюу кадавр донорын тоо маш бага. Бага гэж байгаа нь илэрч байгаа боломжит донортойгоо харьцуулсан тоо юм шүү. Жилдээ илэрдэг боломжит донорын тоо олон ч ар гэр нь мэдээлэл багатай болон бусад шашин шүтлэг, нийгмийн хандлагаас болж татгалздаг. Тийм учраас “Мөнхөд цохилох зүрх” ТББ донорын тухай хууль, амьгүй донорын талаар мэдээллийг олон нийтэд боломжит сувгаар дамжуулан хууль эрхзүй, шинжлэх ухааны үндэслэлтэй тайлбарлаж ойлгуулах юм. Ойлгож мэдсэн хүн бусдыг аврахад үйлсэд гар сунгадаг болох үр дүнг хүлээж байна.